Овог нэр : Эрдэнэ-Чулууны Хонгорзул
Миний хүсэл мөрөөдөл
Мөрөөдөл олон янз. Хэн нэгний хувьд гайхамшигтай мөрөөдөл нь өөр бусдад энгийн ч санагдаж болох. Магалгүй мөрөөдөл гэдэг зүйл байхгүй байсансан бол энэ амьдрал цасанд дарагдаж хөлдсөн үржил шимгүй тал газар шиг байх байсан ч юм билүү. Хором бүр мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, саад тотгорт сөхрөлгүй үргэлж урагш тэмүүлж байдаг хүмүүс үнэхээр гайхалтай.
Би тэдэн шиг байхыг л хүсдэг. Мундаг дипломатч болчихоод яг одоо эзнээ олж чадахгүй, буруу газар хэрэгжиж байгаа, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг өөрийн биеэр хийж гүйцэтгэх мөн ээждээ зориулж бяцхан ресторан байгуулж өгөх явдал бол одоогоор надад байгаа хамгийн томоохон мөрөөдлүүд юм. Мөрөөдөл минь миний зорилго. Яг одоогийн байдлаар би мөрөөдлөө биелүүлэх, зорилгодоо хүрэхдээ ашиглах шатаа олчихсон гэж бодож байгаа. Энэ шат бол Шинэ-Монгол ахлах сургууль. Тэр шатаар дээшээ өгсөх үү аль эсвэл нэг газраа л байгаад байх уу гэдэг зөвхөн надаас шалтгаална. Гэхдээ яг одоо би энэ шатаар дээшээ гүйгээд гарах урам зориг, эрч хүчээр дүүрэн байна. Өдөр бүр миний төлөө, сайн сургуульд суралцуулахын төлөө цаг наргүй ажиллаж, мөнгө цуглуулж байгаа ээжийгээ хараад, хэдий жаахан ч эгчдээ илүү их хичээл давтах цаг гараасай гэсэндээ гэрийн ажлаа чадах чинээгээрээ хийчихсэн байдаг дүүгээ хараад өөрийнхөө мөрөөдлийн ямар их үнэ цэнэтэйг мэдэрдэг. Тиймээс өдөр бүр эрч хүчээр цэнэглэгдэж алхам алхамаар урагшлахыг хичээдэг. Удахгүй би энэ мөрөөдлөө биелүүлэхээр цаана нь бүр том мөрөөдөл намайг хүлээж байгаа учраас зорилгодоо заавал хүрэх болноо!!!

0 件のコメント:
コメントを投稿